Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
V. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого PDF Хэвлэх И-мэйл

V. СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

24.Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны гол зорилго нь монгол туургатны соёл иргэншлийг хамгаалах, соёлын өвөрмөц өв уламжлалыг арвижуулж, дэлхийн соёлын нийтлэг ололтоор баяжуулах, түүх соёлын үнэт зүйлсээ сэргээх, хальж гарсан зүйлсийг сурвалжлан олох, шинэ нөхцөлд ажиллах чадвартай үндэсний боловсон хүчин бэлтгэх зэрэгт соёлын хамтын ажиллагааг чиглүүлэх, улс орноо гадаадад таниулах, Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх, бусад орон дахь Монгол судлалыг хөхүүлэн дэмжих, улс түмнийг танин мэдэх, тэдэнтэй харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

25.Соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахдаа төрийн болон ардын дипломатын аргыг хослуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримтална.

26.Монгол Улс хүмүүнлэгийн салбарын гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ дараах чиглэл баримтална:

1/ гадаад орнуудтай эрх зүйн өргөн хамтын ажиллагаа хөгжүүлж, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах;

2/ хилийн чанадад орших монгол үндэстнүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд бие биеийгээ харилцан дэмжих, тэдний зүгээс Монгол Улсын хөгжил, дэвшилд үзүүлэх дэмжлэг туслалцааг авах;

3/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хор хөнөөл бүхий харгис урсгал, бүлгийн нөлөөллөөс урьдчилан сэрэмжлэх арга хэмжээ авч байх;

4/ зах зээлийн эдийн засаг, улс төр, эрх зүй, менежмент, маркетинг болон тус улсын шинжлэх ухаан-техникийн дэвшлийн тэргүүлэх чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургах, мэргэжлийн удирдах ажилтан, мэргэжилтэн бэлтгэхийг урьтал болгох, чингэхдээ олон улсын тусгай болон хөгжингүй орны төрөлжсөн сан, улсын ба хувийн их, дээд сургууль, байгууллагын зардлаар оюутан сургах, боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалуулах, нарийн мэргэшлийн ажилчин бэлтгэх, гадаадаас өндөр мэргэжлийн багш, эрдэмтдийг урьж ажиллуулах зэрэг боломжийг ашиглах;

5/ гадаад орны ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын шилдэг арга технологи, зохион байгуулалтыг судлан тус улсын онцлогтой уян хатан хослуулан авч хэрэглэх;

6/ Монголын түүх, соёлын дурсгалт болон байгалийн өв, үнэт зүйлсийг нөхөн сэргээх, хамгаалах, улс түмний хүртээл болгох талаар түүх, шашин, соёлын нийтлэг өв бүхий Азийн орнууд, сонирхогч бусад орон, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;

7/ боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллага, сангуудтай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоон хөгжүүлэх, эрдэмтэн, багш, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, тамирчид, жуулчинд солилцох явдлыг дэмжих, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд үр ашигтай оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохиох;

8/ улс орны экологийн аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах гадаад тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

 

Холбоос