Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
VI. Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал PDF Хэвлэх И-мэйл

VI. ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

36.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал гэж өөрийн орны экологийн өвөрмөц нөхцөлд технологи болон мэдээлэл судалгааг улс орныхоо хөгжилд ашиглах, шинжлэх ухааны үндэсний чадамжийг дээшлүүлэх, оюуны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хангасан нөхцөл байдлыг хэлнэ.

37.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ улс орны хөгжлийн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлийн салбар нэг орны технолгийн хараат байдалтай болох;

2/ шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрох.

38.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төрийн нэгдсэн бодлого дутагдах;

2/ түүхэн хөгжлийн явцад шалгарч буй болсон монгол үндэсний технологи алдагдах;

3/ Монгол орны өвөрмөц шинж чанартай технологи, хүн, ургамал, мал амьтны генофондын судалгаа, мэдээлэл төрийн хамгаалалтын гадна орхигдох, шинжлэх ухаан, технологийн нууц алдагдах;

4/ эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөл, баталгаа бүрдээгүйн улмаас дэлхийн шилдэг технологи нэвтрэхгүй байх;

5/ орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрээгүйгээс болж үндэсний техник, технологи өрсөлдөх чадвараа алдаж хоцрогдох;

6/ үндэсний оюуны чадавхи, мэргэжилтэй боловсон хүчнийг улс орондоо бүрэн ашиглаж чадахгүй байх;

7/ шинэ, шинэчлэгдсэн технологийг үйлдвэрлэлд ашиглах боломж, нөхцөл бүрдэхгүй байх.

39.Шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдлыг хангах арга зам:

1/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, тэргүүлэх чиглэлийг тогтоож, үндэсний орлогын З хувиас доошгүйг шинжлэх ухааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах;

2/ эрдэм шинжилгээний ажлыг хөхүүлэн дэмжих, шинжлэх ухааны нээлт, оюуны бүтээлийг баталгаажуулах, гадаадын технологийг монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлэх эрх зүйн баталгааг бүрдүүлэх;

3/ байгалийн баялаг, хүнс, хөдөө аж ахуйн түүхий эдийг ашиглах монголын нөхцөлд тохирсон технологийг боловсруулж нэвтрүүлэх;

4/ шинжлэх ухаан, технологийн мэдээллийн үндэсний нэгдсэн сүлжээ, сантай болж, төрийн хамгаалалтад байлгах;

5/ шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхэд чиглэсэн шударга өрсөлдөөнийг дэмжих.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний ач холбогдолтой судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, технологийн шинэ шийдэл боловсруулах, үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд амжилт гаргаж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад албан татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл тэргүүн ээлжинд олгодог зарчим баримтлах;

6/ шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн өрсөлдөх, хөгжих чадварыг бэхжүүлэх;

7/ технологийн дэд бүтэц, орчныг буй болгох, технологийн агууламж, чадамж, статусыг зөв үнэлэх;

8/ шинжлэх ухаан, технологийн оюуны чадавхи, хөрөнгө бололцоог улсын хэмжээний судалгааны төслүүдийг шийдвэрлэхэд эн түрүүнд төвлөрүүлэх;

9/ боловсролын тогтолцоог байнга чанаржуулж, авьяасыг тэтгэн хөгжүүлэх;

10/ өндөр мэргэжилтэй мэргэжилтэнг технологийн онц шаардлагатай чиглэлээр зориуд бэлтгэх, үндэсний эрдэмтдийг эх орондоо ажиллуулах, өсгөх оюуны болон материаллаг нөхцөл бололцоог бий болгох;

11/ шинжлэх ухаан, технологийн судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарт ажиллах ирээдүйтэй боловсон хүчнийг ерөнхий боловсролын сургуулиас эхлэн сонгох, тэднийг хүн нэг бүрээр сургадаг, ажиллах нөхцөл, боломжоор хангадаг журам нэвтрүүлэх;

12/ оюуны зохиомол удирдлагын технологи, биотехнологийг тэргүүлэн хөгжүүлэх, цахим техник, цахилгаан хэрэгсэл угсрах, нар салхины гаралтай эрчим хүч ашиглах технологи эзэмших, теле холбооны орчин үеийн технологитой нэгдсэн сүлжээ буй болгоход онцлон анхаарахын зэрэгцээ оюуны багтаамж ихтэй шинэ материалын эрэл хайгуулын судалгааг өргөжүүлэх;

13/ шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын болон бүс нутгийн интеграцид байр сууриа эзлэх;

14/ шинжлэх ухаан, технологийн үндэсний уламжлал, арга зүйг өвлөн авах, орчин үеийн нөхцөлд тохируулж хөгжүүлэх.

 

Холбоос