Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
III. Нийгэм-Төрийн байгууллын аюулгүй байдал PDF Хэвлэх И-мэйл

III.НИЙГЭМ-ТӨРИЙН БАЙГУУЛЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

24.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал гэж Монгол Улсын Үндсэн хуулиар бататгасан төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд, түүнчлэн хүний эрх, эрх чөлөө баталгаажсан байдлыг хэлнэ.

25.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

1/ Монгол Улсын төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог бусниулахад чиглэсэн бодлого явуулах;

2/ Монгол Улсын төрийн байгууламжийн нэгдмэл байдлыг алдагдуулах зорилгоор үндэс угсаа, нийгмийн хэсэг, бүлэг, төрийн удирдлагыг хагаралдуулах, ард түмний үндэсний эв нэгдлийг сарниулах буюу чингэхийг оролдох;

3/ төрийн нууц, түүний дотор цэргийн болон технологийн нууц алдагдах;

4/ гадаадын тусгай албад, тэдний төлөөний хүмүүсийн зүгээс тагнан турших үйл ажиллагаа явуулах.

26.Нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

1/ Үндсэн хуулиар тогтоосон Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдах;

2/ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах;
3/ өмчийн хэлбэрүүдийн тэгш байдал алдагдаж, өмчлөгчийн эрх зөрчигдөх;

4/ төрийн байгууллага шашны, сүм хийд төрийн хэрэгт үл оролцох зарчим алдагдах;

5/ Монгол Улсын төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим алдагдах;

6/ үзэл бодол, үндэс угсаа, сүсэг бишрэл, нутаг усаараа явцууран бүлгэрхэх, талцах, төрийн удирдлагын дотор үндэсний аюулгүй байдлын асуудлаар зөрчил гарах;

7/ улс орны батлан хамгаалах чадвар, ард түмэн-цэргийн холбоо сулрах;

8/ нийгэмд хууль ёс, дэг журам сахилга, хариуцлага суларч, эмх замбараагүй байдал бий болох, төрийн удирдлага, сонор сэрэмж суларч, төрийн нууц алдагдах;

9/ хээл хахууль газар авч гэмт хэрэг зохион байгуулалтын шинжтэй болох;

10/ стратегийн болон улсын нөөц шавхагдах, өлсгөлөн, байгалийн ноцтой гамшигт нэрвэгдэх, хүн амыг олноор хөнөөх өвчин гарах.

27.Нийгэм-төрийн аюулгүй байдлыг хангах арга зам:

Нэг. 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, заалтуудад нийцсэн хууль тогтоомж гарган тууштай мөрдөх;

2/ улс төрий нам, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах улс төрийн механизм буй болгох;

3/ төрийн дээд удирдлагыг үндэсний ашиг сонирхолд харш аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж сэргийлэн хамгаалах;

4/ үндэсний аюулгүй байдлын үүднээс хуулиар хориглосноос бусад тохиолдолд төрийн үйл ажиллагааг ард олонд ил тод болгох.

Хоёр. 1/ Монгол Улс гадаад харилцаандаа улс төрийн бодит байдлаас хандах, үндэсний язгуур ашиг сонирхол, үндэсний ашиг сонирхлоо дээдлэх, олон түнштэй байх, тууштай зарчимч байх бодлого явуулах.

Үндэсний язгуур ашиг сонирхолд аюул занал учраагүй нөхцөлд Монгол Улс эвсэлд үл нэгдэх бодлого явуулах;

Монгол Улсын ашиг сонирхол бусад улсын ашиг сонирхолтой харшилдах нөхцөлд Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг харгалзан уян хатан шийдвэрлэж байх.

2/ Монгол Улс хөрш хоёр оронтой харилцах асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэнцвэртэй харилцах зарчим баримтлах тэнцвэртэй харилцана гэж адил зай барих, бүх асуудлаар адил байр суурьтай байхыг бус, харин хоёулантай нь итгэлцлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх бодлогыг хэлнэ. Эдгээр оронтой харилцахдаа хөрш орнуудаас Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, нэн ялангуяа үндэсний язгуур ашиг сонирхлын талаар баримталж буй бодлогыг зохих ёсоор харгалзан тусгаж байх. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндөөгүй хөрш хоёр орны маргаанд эс оролцож төвийг сахих бодлого баримтлах;

3/ нээлттэй гадаад бодлого явуулах. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар нөлөө бүхий улсуудтай зөвлөлдөж байх чиг баримталж, улс орныхоо стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, нөлөө бүхий улсуудын стратегийн сонирхлыг Монголд буй болгох бодлого явуулах;

4/ хөгжиж буй, далайд гарцгүй бусад улс оронтой харилцахдаа нийтлэг ашиг сонирхлоо олон улсын тавцнаа хамтран хамгаалах, хэрэгжүүлэх чиг баримтлах.


Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2008 оны 03 сарын 19 )

 

Холбоос