Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол бөхчүүдээ хүлээн авч уулзав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 08:19

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар мэргэжлийн сумо бөхөд барилдаж буй монгол бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх, өөрийн иргэдээ хүлээн авч золгох арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд сумогийн ертөнцөд эр чадал, хурд хүчээ гайхуулж буй Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харамафүжи Д.Бямбадорж, Сэкиваке Тэранофүжи Г.Ган-Эрдэнэ, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирүю Б.Дашням нарын хүчит бөхчүүд хүрэлцэн ирлээ. Мөн Кансайн дипломат корпусын тэргүүн бөгөөд Голландын Ерөнхий консул Р.Волс, ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов болон АНУ, БНХАУ-ын ЕКГ-ын төлөөлөл хүндэт зочноор байлцав.


ЕКГ-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээнд тус ЕКГ-тай ажил хэргийн холбоотой байдаг японы байгууллага, иргэд болоод Осака хотод оршин суух манай иргэд өргөнөөр оролцдог. Энэ өдөр хуран цугларсан монголчууд маань үндэсний дээл хувцсаа өмсөж, сар шинийн баярын бууз, хуушуур, цагаалга, амтат будаагаа бэлдэж, золголтоо хийхийн сацуу уригдан ирсэн гадны зочид, төлөөлөгчдөд монгол ёс заншил, соёл урлагыг суртчилан таниулах, монгол бөхчүүдээрээ бахархах бахархлын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэхүү арга хэмжээний үеэр Кансай дахь “Монголын Ардын урлагийн холбоо”-ны тэргүүн М. Лхагвагэрэл морин хуур татаж, лимбэ хөөмийн эгшиг эгшиглүүлсэн бол Японы иргэн, дуучин Ито Майко өөрийн уран бүтээлийн дээжээс толилуулав.


Энэ үеэр манай сүмочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв. Сар шинийн баярын өмнө Хакүхо М.Даваажаргал японы мэргэжлийн сумод 33 удаа түрүүлэн дээд амжилтын эзэн болж, төр засгаас “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээр, Асасэкирюү Б.Дашням хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан билээ. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Осака башёд цол ахиж сэкиваке цолтойгоор барилдахаар болсон. ЕКГ-аас бүх монгол бөхчүүддээ Осакагийн башёд амжилттай барилдахыг хүсэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 3-р сарын 05, Пүрэв гариг, 08:26
 

Холбоос