Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Цаст уулын Фүкүй мужид зочлов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 1-р сарын 20, Мягмар гариг, 08:14

Осака дахь Ерөнхий консул Ч.Куланда Фүкүй муж, Фүкүй хотод ажиллаа. Томилолтын үеэр Фүкүй мужийн захирагч К.Нишикава, Фүкүй хотын дарга Ш.Хигашимура нартай уулзав. Муж болон хотын дарга нар Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консулыг хүрэлцэн ирсэнд талархаж сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ахицтай хөгжиж байгаа талаар онцлон ярилцаж, сумо бөхийн дэвжээнд хүч чадал, эр бяраа гайхуулж буй монгол бөхчүүд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд нэмэр нөлөө болж байгааг дурдлаа. Сумогийн монгол бөхчүүд хоёр орны харилцааг “Холбох гүүр” болсонд талархацгаалаа. Мужийн дарга Монголтой харилцаж буй харилцааны талаар тодорхой мэдээлэл хийж, хамтын ажиллагаа, соёлын солилцооныхоо талаар танилцуулав.


Фүкүй муж дотооддоо хамгийн их үлэг гүрвэлийн олдвор олддог мужид тооцогддог. 1989 оноос өнөөг хүртэл олдсон үлэг гүрвэлийнхээ чулуужсан үлдэгдлээр дэлхийд гуравт орох томоохон хэмжээний үлэг гүрвэлийн музейг байгуулсан нь өнөөдөр дотоодын төдийгүй гадаадын жуулчдын очих дуртай газруудын нэг болоод байгаа аж. Өнгөрсөн жил гэхэд 1 сая 600 мянган хүн үзэж сонирхсон бол сүүлийн 15 жилийн хугацаанд нийтдээ 6 сая гаруй хүн музейд зочилсон гэдгийг мужийн захирагч дурдаж байв. Тус музей нь БНХАУ, АНУ, Канадын 8 палентлогийн музейтэй хамтран ажилладаг бол манай улсын Шинжлэх ухааны Академийн Палентологийн төвийн захирал, академич Р.Барсболд гуай тус музейд зочин судлаачаар ажиллаж байсан байна.


Монгол Улсын Ерөнхий консул нь Кансай болон Баруун Японы бүс нутгийн хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүс нутгийн техник, технологийг Монголд нэвтрүүлэх, ард иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх, иргэдийн солилцоо, соёлын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэхэд хичээн ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсад үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл их олддог, энэ чиглэлийн палентлогийн олдвор ихтэй оронд тооцогддог тул өөрийн орондоо “Үлэг гүрвэлийн музей” байгуулахаар зорьж байгаа. Энэ тал дээр Фүкүй мужтай хамтран ажиллах, музей байгуулсан туршлагаас нь хуваалцах, солилцох, дэмжлэг авах хүсэлтэйгээ дуулгалаа.


Ерөнхий консулыг Фүкүй хотод айлчлах үеэр тус мужийн Эчизэн хотын дарга Т.Нара хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хотын “JA” Хөдөө аж ахуйн холбооны удирдлагууд байлцав. Энэ үеэр Фүкүй мужид тариалж буй “Кошихикари” сортын цагаан будааг Монголд экспортлох асуудлаар санал солилцов. Фүкүй мужийн хувьд тариалж байгаа цагаан будааны 90 хувийг Осакагаар дамжуулан дотоодын зах зээлд нийлүүлдэг. Түүнчлэн Иточү компаниар дамжуулан цагаан будаагаа Тайланд, Сингапур, Тайвань зэрэг орнуудад гаргаж, зах зээлээ өргөжүүлэх, японы брэнд бүтээгдэхүүн болох Кошихикари цагаан будааг дэлхийд таниулах ажлыг хийж эхлүүлээд байгаа ажээ. Үүнээс гадна Эчизэн хотод жил бүр зохион байгуулагддаг Олон улсын хөгжмийн фестивальд Монголын Үндэсний язгуур урлагын хамтлагийг оролцуулах хүсэлтийг уламжлаад байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 20, Мягмар гариг, 08:25
 

Холбоос