Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консул Чюүгокү бүсэд хийх айлчлалаа эхлүүлэв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2015 оны 1-р сарын 15, Пүрэв гариг, 04:48

Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда Чюүгокү бүсэд хийх ажлын айлчлалаа Тоттори мужаас эхлүүлэв. Тэрээр энэ сарын 13-ны өдөр Тоттори мужийн захирагч Ш.Хирай болон Тоттори хотын дарга Ё.Фүказава нартай танилцах уулзалтыг хийлээ. Муж болон хотын захирагчийн зүгээс Ерөнхий консулыг элэгсэгээр хүлээн авч, 1997 онд Монгол Улсын Төв аймагтай найрамдалт хамтын ажиллагааг тогтоосноос хойш өнөөг хүртэл хоёр талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл өндөр явдагаа дурдлаа. Тоттори муж нь Төв аймагтай ХАА, Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж ирсэн. Үүний хүрээнд жил бүр Төв аймгийн газар тариалан эрхлэгч иргэд, төрийн албан хаагчдыг хүлээн авч хүнсний ногоо тариалах технологи, аргачилал танилцуулах, эрүүл ахуйн сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн байна. Мөн Төв аймгийн хүүхэд, багачуудыг хүлээн авч айлчлуулдаг уламжлал тогтоожээ. Тус муж нь Төв аймагтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд Төв аймгаас гаралтай, цаашид хоёр аймгийн харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж чадах нэг оюутныг сонгон шалгаруулж тус мужийн харъяа их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцуулж эхлээд байгаа ажээ.


Тоттори мужийн Жёохоку ахлах сургуулиас Японы төдийгүй Монголын цөөнгүй алдартай тамирчид төрөн гарсан. Тухайлбал японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд амжилттай барилдаж буй Сэкиваке Ичиножёо А.Ичинноров, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таканоива А.Баасандорж нарыг дурдаж болно. Одоогийн байдлаар тус ахлах сургуульд сумо бөхийн чиглэлээр дөрвөн монгол хүүхэд суралцаж байна. Ерөнхий Консул Ч.Куланда Тоттори мужид ажиллах үеэр тус сургууль дээр очиж, монгол сурагч дасгалжуулагчидтай уулзаж, тэдний ахуй байдал хичээллэх явц, бэлтгэлтэй нь танилцлаа. Монгол сурагчид зорилго мөрөөдлөө ярьж, хичээн суралцахаа илэрхийлэв.

Ерөнхий консулын зүгээс сүүлийн жилүүдэд баруун японы бүс нутагт оршин суух Монгол иргэдийн тоо өсч байгаатай холбогдуулан тэдгээр иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, түүнчлэн тус бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага улам бүр тулгарч байгааг дурдаж, тус муж нь ХАА, аялал жуулчлал ихэд хөгжсөн мужид тооцогддог тул энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг илэрхийлэв. Мужийн захирагч болон хотын даргын зүгээс ерөнхий консулын саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд эдийн засгийн харилцааг бий болгох, ингэхдээ үүнийг соёл, боловсрол, хүний нөөцийн солилцооны хамтын ажиллагаанаас эхлүүлэх  тал дээр талууд хамтран ажиллах нь зүйтэйг онцлон тэмдэглэлээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 1-р сарын 15, Пүрэв гариг, 04:54
 

Холбоос