Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Окаяамагийн улаан навчис дор Монгол судлаачид хоёр өдөр чуулав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 11-р сарын 17, Даваа гариг, 09:48

Эхний өдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Окаяама хотын Окаяамагийн Их сургуульд “Японы монголч эрдэмтдийн холбоо”-ны 2014 оны намрын ээлжит эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ удаагийн хуралд тус холбооны хүндэт гишүүд, эрдэмтэн багш болон энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй 50 гаруй судлаачид оролцож, 11 үндсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Эрдэм шинжилгээний хуралд Монголын түүх, хэл бичгийн судалгаа, Япон дахь монголын уран зохиолын судалгаа, нүүдэлчин айл өрхийн амьдралын хэв маягт гарч буй өөрчлөлт, археологи, Монголд олдсон модон бүтээгдэхүүний судалгаа, Монголын сүүлчийн Эзэн хаан VIII Богд Жавзандамба, суварганы үүсэл хөгжил ба Хэрлэн барсын суварга, Өвөр Монголын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, айраг боловсруулах технологи судалгаа зэрэг өргөн хүрээтэй сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэлээ тавилаа. Монгол судлалын намрын хуралдаанд Монголоос суралцаж буй оюутнууд цөөнгүй оролцсон нь энэ удаагийн хурлын нэг онцлог байлаа.


2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар Окаяамагийн Их сургуульд хүрэлцэн ирж, монгол судлаачид, эрдэмтдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын өнөөгийн хөгжил, Монгол-Японы харилцаа, хоёр улсын харилцаанд монгол судлаач эрдэмтдийн гүйцэтгэх үүрэг чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Энэхүү хэлэлцүүлэгийг Япон Улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулсан юм.

Элчин сайдын яамны санаачлага дор явагдсан хэлэлцүүлэгт Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куланда “Дэлхийн Монгол судлалын төлөв байдал”-ын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж, Японы монгол судлаач, эрдэмтдэд хандаж санал, хүсэлт хүргэсэн юм. Тэрээр Монгол судлалын талаар төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд судлаач эрдэмтэдтэй Монголын холбогдох байгууллагууд шинэ бодлого, шинэ харилцаагаа тэлэх сонирхолтой байгааг дуулгалаа.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 11-р сарын 17, Даваа гариг, 09:55
 

Холбоос