Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Цагаан сар бол чин сэтгэлийн сүүн цацал юм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 08:23

Монгол түмний сар шиний баяр Цагаан сар хаалга тогшиж байна. Хотол түмэн идээ будаагаа бэлдэж, бэлтгэлээ аль хэдийнээ базааж эхэлчихсэн. Харин Та айлчлан ирэх “Цагаан сар”-ын талаар хир мэдэх үү. Таны мэдлэгт нэмэр болохуйц мэдээллийг хүргэж байна. Уншиж болгооно уу.

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулсны дараа Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган, жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршлыг сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй Цагааны сарыг хаврын эхэн сарын шинийн нэгнээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.

Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээж, тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөж ирсэн. Сүү шиг ариуныг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Мөн жил, цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлдог юм. Энэхүү баярын утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог. Учир иймээс заавал харилцан зочлон золгодог заншилтай.

Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

Монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй.

Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байна. “Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулах, бусдад ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг аж.

Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол монголын ёс заншилын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.

Жич: Шинийн дөрвөн буюу 2 сарын 3-ны Даваа гарагийн морин цагт Осака дахь Монгол улсын Ерөнхий Консулын газар хуурын аялгуугаар жавраа үргээж, сар шинийн ёслол болохыг дашрамд дуулгая. Монгол ах дүү нар морилон саатаарай.


Normal 0 false false false EN-US JA X-NONE

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 1-р сарын 28, Мягмар гариг, 08:35
 

Холбоос