Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Илтгэл хэлэлцүүлэв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:07

Японы Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яам, “New Business Kansai” (“NBK”) эдийн засгийн бүлэглэлээс хамтран зохион байгуулсан семинарт Ерөнхий Консул Ч.Куланда “Өсөн дэвших Монгол улс” сэдвээр презентаци хийлээ.

“New Business Kansai” нь 17 жилийн өмнө Японы Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яамны ивээл дор байгуулагдсан ба Кансайн бүс нутгийн 7 муж болон Осака хотноо үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ)-ээс бүрдсэн эдийн засгийн томоохон бүлэглэл юм.

“NBK” нь гишүүдийнхээ бизнес үйл ажиллагааг дэмжих, бизнесийн шинэлэг санаа олоход нь туслах үзүүлэх зорилгоор олон улсын байгууллагын төлөөлөгчид, элчин сайд, судлаачдыг урьж оролцуулан сургалт, семинар зохион байгуулдаг уламжлалтай аж.

Энэ удаагийн семинарт Осака хотын блокт харъяалагдах 30 компаний төлөөлөл оролцов. Ерөнхий консул Ч.Куланда өөрийн илтгэлийн хүрээнд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн, түүнээс өмнөх болон хойшхи үеийн Монгол Улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудал, бизнесийн өнөөгийн орчин, Япон-Монголын хоорондын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улмаар Монголд бизнес эрхлэх боломжийг танилцуулсан юм.

 

Оролцогчид Монгол дахь гадаад худалдааны орчин, түүний дотор экспорт, импортын гол нэрийн бүтээгдэхүүний тухай илүүтэй сонирхож байсан бөгөөд Ерөнхий консул Ч.Куланда тэдгээрт зохих мэдээлэл, хариултыг өгсөн болно.

NBK-ийн гишүүн байгууллагууд гадаад харилцаагаа өргөжүүлэх, худалдаа бизнесийн орчинг гадаад ертөнцөд тэлэх зорилго тавьсан өнөө үед энэхүү семинар болсон нь японы бизнесийхэнд Монголд хөрөнгө оруулах итгэлийг төрүүлэхэд ихээхэн дөхөмтэй хэрэг болов. Осака дахь ЕКГ-ын зүгээс Кансайн бүсийн ЖДҮ-чид Монголд хөрөнгө оруулах эхлэлийг тавих үүднээс “NBK”-тэй хамтран бизнесийн багийг Монголд айлчлуулах зорилго тавин ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:36
 

Холбоос