Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Элчин сайд С.Хүрэлбаатар Осака хотод ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 01:32

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар 11 дүгээр сарын 16-ны өдөр Осака хотноо ажиллав. Элчин сайд 16-ны өдрийн үдээс өмнө Японы соён гэгээрүүлэгч, их зохиолч Шиба Рёотарогийн гэр музейд зочилж, “Шиба Рёотаро ба Монгол” үзэсгэлэнтэй танилцлаа. Элчин сайдыг гэр музейн захирал, “Шиба Рёотаро сан”-гийн тэргүүн Үэмура Ёүко, музейн орлогч захирал хатагтай Үэмура Мотоко нар угтан авч музейн үйл ажиллагаа, Шиба Рёотаро зохиолчийн Монголын талаар бичиж туурвисан бүтээл, судалгааны талаар танилцуулж, дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Элчин сайд С.Хүрэлбаатар, Ерөнхий консул Ч.Куланда нар Осакагийн Олон Улсын Их сургууль дээр зохион байгуулагдаж буй Японы Монгол судлаач эрдэмтдийн намрын чуулга хуралдаанд оролцов. Японы Монгол судлалын нийгэмлэг нь 1970 онд байгуулагдсан бөгөөд Монголын нийгмийн тогтолцооны байдлаас үл шалтгаалан Монгол судлалыг тууштай хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Энэ нийгэмлэг нь жилд хоёр удаа хавар, намар Кантоо болон Кансайн бүсэд Монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Энэ удаагийн намрын чуулга хуралдаанд Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй залуу судлаач зэрэг 60 гаруй хүмүүс оролцож, долоон үндсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хуралдааныг зохион байгуулсан Осакагийн Олон Улсын Их сургуулийн удирдлага, Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн нар Элчин сайд болон Ерөнхий консулыг тусгайлан хүлээн авч уулзан, сургуулийн үйл ажиллагаа болоод монгол судлалын өнөөгийн нөхцөл байдал, хандлага, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон.

Хуралдаанд Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол Улсын өнөөгийн хөгжил, хэтийн төлөв, Монгол, Японы харилцаа, үүнд монгол судлаач эрдэмтдийн гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлууд, цаашдын чиглэлийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Кансайн бүсэд буюу Осакагийн Их сургуулийн Гадаад хэлний дээд сургуульд 1927 оноос Монгол хэлний ангийг нээн хэл, түүх соёл, утга зохиолыг судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн үед хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогүй байсны улмаас Өвөр Монголын багш нар урилгаар ажиллаж, жилд дунджаар 10 гаруй оюутан элсэн суралцдаг байжээ. Элчин сайд С.Хүрэлбаатар харъяа байгууллага болох Осака хот дахь Монголын Ерөнхий Консулын газарт ажиллаж, тус консулын газрын ажил байдалтай танилцаж, дипломат ажилтнуудад заавар зөвлөлгөө өгч, тодорхой баримтлал, чиглэлүүдийг ажил үүрэгтээ тусгаж ажиллахыг санал болгов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 20, Лхагва гариг, 08:15
 

Холбоос