Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЭЗХЯ, БХТЯ, НЗДТГ-ын төлөөлөгчид Кобэ хотод ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 10-р сарын 03, Пүрэв гариг, 05:34

Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалт, шинэ барилга байгууламжинд дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс суугаа орны шинэ соргог бүхнийг танилцуулах санаачлагыг Осака дахь Монголын Ерөнхий Консулын Газраас гаргасан болно. Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж эхэлсэн “Гудамж” төслийн ус хангамж, газар доорхи барилга байгууламжинд Японы техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судалсан ажлын баг өнгөрсөн өдрүүдэд Кобэ хотноо ажиллаа. “Гудамж” төслийн ерөнхий зохицуулагч, ЭЗХ-ийн сайдын зөвлөх Б.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны зураг төсөл, эрдэм шинжилгээний институтын захирал Н.Бат-Эрдэнэ, Нийслэлийн ЗДТГ-ын СБТХ-ийн мэргэжилтэн Д.Анхбат нар Кобэ хотын захиргаанд очиж, тус хотын хурлын гишүүн Такешигэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Мацуда нартай уулзаж Монголд өрнөж буй бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа.

Мөн тус хотын ус суваг, усны хангамжийн бүтэц зохион байгуулалт, газар доорхи усны байгууламж, инженерийн шугам сүлжээтэй биечлэн танилцаж, уулын болон голын усыг хэрхэн ундны ус болгон ашиглах болсон технологийг үзэж сонирхов. Улмаар хот төлөвлөлтийн төлөвлөгөө, хурдны замын байгууламжийн талаар Кобэ хотын холбогдох мэргэжилтнүүд тусгайлан мэдээлэл өгч, бэсрэг сургалт хийлээ. Хотын иргэд, шийдвэр гаргагчдын хамтын шийдвэр нь тухайн хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний гол түлхүүр болохыг Хот төлөвлөлтийн мэргэшсэн мэргэжилтнүүд хэлж байлаа.


Кобэ хот Монгол улсын хөгжлийг ахиулах, бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлэх хэрэгт хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлээд, бодит судалгаа, тодорхой төслүүдийг санал болгох хэрэгтэйг дурдсан юм. Кобэ хот нь 1996 онд газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэж, хожим сэргээн босгох ажлаа амжилттай хэрэгжүүлж, улмаар байгалийн хатуу сургамжийг даван туулах шинэ технологиудыг бүтээн байгуулалтандаа нэвтрүүлж чадсан арвин туршлагатай хот болно. Кобэ хот нь Азийн хөгжиж буй орнуудад өөрийн бий болгосон шинэ технологийг дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотод дээрх технологийг нутагшуулах, авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байлаа. Монгол мэргэжилтнүүд хөгжлийн амин сүнс болсон шинэ технологитой танилцах нь бүтээн байгуулалтад хурд нэмэх, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


ОСАКА ДАХЬ ЕКГ

2013.09.28

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 15, Мягмар гариг, 08:34
 

Холбоос