Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Ерөнхий консулын газрын нээлт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2012 оны 3-р сарын 30, Баасан гариг, 09:17

Энэ оны 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа боллоо. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхийн хуудсыг баяжуулсан энэхүү арга хэмжээнд Японы Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцов. Нээлтийн ажиллагаанд түүнчлэн Монгол Улсын УИХ, Засгийн газрын төлөөлөгчид, Осака муж, Осака хот болон Сакай хотын удирдлагууд, Кансайн эдийн засгийн холбоо, Осака хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим, ЖЕТРО, Кансайн бүсэд суугаа 18 улсын Дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгчид зэрэг 100 гаруй хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээлтийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ үгэндээ олон зуун жилийн түүхтэй, Япон төдийгүй Зүүн Азийн бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр,соёл, боловсролын томоохон цөмүүдийн нэг Кансай бүсийн төв Осака хотод Монгол Улс Ерөнхий консулын газраа байгуулж байгаа нь манай хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгааг онцлов. Ерөнхий сайд С.Батболд Монгол, Японы хоорондын агаарын замын гараа Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас эхэлж байсныг хэлээд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Кансайн бүс чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн зарчмаар цаашид бататган хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлэх талаар Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хийсэн хэлэлцээний үеэр тохирсныг Ерөнхий сайд С.Батболд мэдэгдээд энэ зорилтыг хэрэгжүүлж, бодит ажил болгоход Ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх учиртайг чухалчиллаа. Мөн Кансай бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд Монголын зах зээлийн нөөц, бололцоо, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах, тус бүс нутгийн жижиг, дунд үйлдвэрийн дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Ерөнхий консул Д.Батжаргал нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ хоёр улс өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд цаашид “стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны шинэ шатанд гаргахаар зорилт тавин ажиллаж байгааг дурдаад Кансайн бүсэд Ерөнхий консулын газраа нээж буй явдал нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын зүгээс гаргаж буй хүч чармайлтын илрэл, нөгөөтэйгүүр улам бүр өргөжиж буй харилцаа, хамтын ажиллагааны зүй ёсны шаардлага гэж дүгнэж байгаагаа илэрхийлэв.


Тэрээр мөн Кансай болон Баруун Японы бүс нутгийн хүрээнд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны суурь тавих, энэ бүс нутгийн техник, технологийг Монголд нэвтрүүлэх, ард иргэдийн харилцааг гүнзгийрүүлэх, иргэдийн солилцоо, соёлын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллах болно гэж тэмдэглэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 09, Лхагва гариг, 04:43
 

Холбоос