Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монголд салбартай Нагояагийн Их сургууль PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 08:23

Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Нагояагийн Их сургуулийн хүндэт Ерөнхийлөгч М.Хамагүчи-тай албан ёсны уулзалт хийв. Ноён М.Хамагүчи Ерөнхий консулыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж, улмаар хоёр орны харилцаа түүний дотор соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа дуулгалаа. Үүний дараа тэрбээр өөрийн сургуулийн тухай болоод гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монголтой холбоотой хийгдэж буй зарим нэг үйл ажиллагааны тухай товч танилцуулга хийсэн юм.

Нагояагийн Их сургууль нь гадаад оюутнууд тэр дундаа монгол оюутнууд олноор суралцдаг сургуулиудын нэг бөгөөд ба одоогийн байдлаар нийт 2400 орчим гадаад оюутан суралцаж байна. Сургуулийн удирдлагын зүгээс 2020 он гэхэд гадаад оюутныхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх чиглэлийг барьж буй ажээ. Үүнээс гадна даяарчлагдаж буй нийгэмд шаардлагатай гэгдэж буй англи хэлний шинэ сургалтын программыг нэвтрүүлэх, англи хэлээр суралцаж төгсөх оюутан сурагчдыг нэмэгдүүлэх зэргээр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж эхлээд байгаагаа мэдэгдлээ. Тус сургууль нь МУИС, Соёл боловсролын Их сургууль, Шинэ Монгол ахлах сургууль зэрэг манай улсын зарим сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд цаашид монголоос ирэх оюутан залуус, мэргэжил дээшлүүлэгч нарыг нэмэгдүүлэх чиглэл барьж буй юм байна. Ялангуяа инженер, байгаль орчин, ус цаг уурын чиглэлээр сургууль хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаагаа дурдлаа.

Ерөнхий консул Ч.Куланда: ”Монголын хүүхэд залуусыг сургах, дэлхийн тавцанд өрсөлдөж чадахуйц мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, бий болгоход Нагояагийн Их сургуульд итгэл найдвар тавьж байна. МУИС болон ШУТИС-д Нагояагийн Их сургуулиас үзүүлсэн тусламж дэмжлэг нь Монголын боловсролын салбарт оруулсан бодит хөрөнгө оруулалт болох юм. Монголын хуульчдыг бэлтгэх үйлст Нагояагийн Их сургууль ихээхэн ач холбогдол өгч буй. Нагояагийн Их сургууль төгсөгчдийн холбоо хүртэл байгуулагдсан нь тус сургуульд суралцагсдын тоо Монголдоо манлайлж буйг илтгэж байна. Монголын залуусын төлөө гаргаж буй хүчин чармайлтанд Тань талархаж байна. Хамтын ажиллагаа улам өргөжих болно. Танд болон Танай хамт олон амжилт хүсье” хэмээн ерөөлийн үгээр уулзалтыг өндөрлүүлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 08:29
 
Бейсболыг дэмжигч Анан хотод ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 07:57

Токүшима мужийн Анан хотын дарга Ё.Иваса болон Накагава тосгоны дарга асан Р.Койзүми нар ерөнхий консул Ч.Куландаг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа. Хотын дарга Ё.Ивасагийн зүгээс ерөнхий консулыг Анан хотод хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэн хотынхоо талаар товч мэдээлэл хийснээр уулзалт эхлэсэн юм. Анан хот нь Японд бейсболын спортыг онцгойлон хөгжүүлж буй цорын ганц хот бөгөөд 1990-ээд оноос хойш Монголтой хамтын ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Тэртээ 1991 оны 6 дугаар сард Япон, Монголын соёлын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчид Монголд айлчлах үеэр өсвөр насны нэгэн хүүгээс “Монголд бейсбол тогломоор байвч тоглох хэрэглэл нь алга” гэсэн захиа хүлээн авчээ. Үүнийг дуулсан Токүшима мужийн Бейсболын нийгэмлэг болон Анан хотын Накагава тосгоны биеийн тамирын холбоо тэр даруй орон даяар тусламжийн хөдөлгөөн өрнүүлж 4 тонн орчим бейсболын хэрэгслэлийг цуглуулан Монгол руу явуулснаар хамтын ажиллагаа эхэлсэн байна. Энэ цаг үеэс хойш монголын залуу үеийг бэйсболоор хичээллэх, эзэмшихэд хөрөнгө мөнгө болон арга зүйн дэмжлэг үзүүлж ирснээс гадна бейсболын спортоор хичээллэж буй Монгол хүүхдүүдийг Японд ирүүлэн байрлуулах, Япон орныг таниулах зэрэг сайн санааны олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.


Түүнчлэн бейсболын талбайг Монголд байгуулах зорилгоор 1.3 тэрбум иений хөрөнгө цуглуулж, улмаар Улаанбаатар хотын удирдлагатай биечлэн уулзаж бейсболын талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлжээ. Үүний үр дүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 1996 оны 9 дүгээр сард бейсболын талбай байгуулж чадсан нь Анан хотын гавьяа болох юм. 2013 онд Монголын бейсболын спортыг харуулсан “Монголын бейсболчин хүүгийн тэмдэглэл” уран сайхны киног бүтээхэд бүх талын туслалцаа үзүүлжээ. Энэ кино нь 6 дугаар сарын 15-ны өдрөөс Японд гарч эхлэх юм байна.

Ерөнхий консул Ч.Куланда Анан хотын албаны хүмүүст талархлаа илэрхийлж, “Монгол-Японы харилцаа ялангуяа Монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд Анан хотын оруулж буй хувь нэмэр туйлын их юм. Улс орны болоод иргэд хоорондын харилцаанд спортын салбар асар их үүрэг гүйцэтгэдэг. Монголын тамирчид хэзээ нэгэн цагт алдар цуугаа мандуулна гэдэгт итгэж байна” гээд Осака дахь Монгол Улсын ЕКГ Анан хоттой бүх талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 11, Мягмар гариг, 08:04
 
Тоёока хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид ирлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 6-р сарын 05, Лхагва гариг, 10:21

 

Хёого мужийн Тоёока хотын орлогч дарга Т.Мано тэргүүтэй төлөөлөгчид Осака дахь Монголын Консулын газарт зочлов. Өнгөрсөн сард Ерөнхий консул Ч.Куланда Тоёока хотод очиж, Монголын үндэсний музейтэй танилцсан юм. Ерөнхий Консулыг очсоноос хойш Тоёока хотынхон Монголтой харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахыг зорьж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхийг эрмэлзэх болжээ. Тоёока хотын удирдлагууд ийм зорилго өвөртөлж ирснээ тайлбарлангаа уулзалтаа эхлүүлсэн юм.

Эхлээд Монгол Үндэсний музейг ирж сонирхсон Ерөнхий Консул Ч.Куландад талархлаа илэрхийлэв. Танто тосгон байх тэртээх он жилүүдээс Монголтой хамтын ажиллагаа эхлүүлсэн. Монгол хүүхдүүд япон соёл, ахуйтай танилцах ажил амжилттай хэрэгжиж, олон япон айлд монгол хүүхдүүд цөөн хоног ч гэсэн амьдарч үзсэн. Монгол бөхийн их аварга Х.Баянмөнх, япон судлаач Дэмбэрэл нар Танто тосгоныг Монголтой холбох гүүр болж, бидний харилцаа өргөжсөн. Танто тосгонд айлчилж ,япон айлд саатсан анхны оюутан бол Япон дахь Монголын элчин сайдын яамны Зөвлөх Э.Сарантогос юм. Удахгүй 10 дугаар сард 6 хүүхэд Монголоос ирнэ. Тоёока хотод Монголыг таниулах томоохон үүрэг ноогдсон. Тэр бол Монголын үндэсний музейг байгуулсан явдал. Музейгээрээ дамжуулан япончуудад Монголын тухай улам ихийг ойлгуулж, Монголд дэм болж явахсан гэсэн хүсэл бидэнд байна. Монгол хэв маягаар байгалийн халуун рашаан, амралтын цогцолбор газрыг байгуулан ажиллуулж байна... гэж тэд өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар тайлбарлан ярилаа. Осака дахь Монголын Ерөнхий Консулын газартай хамтран Монголын Үндэсний музейгээ суртчлах, энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг тараах болон Монголтой холбоотой бусад соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Ялангуяа Кансай бүс нутагт амьдарч буй монголчуудад Тоёока дахь Монголын үндэсний музейг очиж үзэхийг монгол иргэддээ дамжуулж өгөхийг ЕКГ-аас хүслээ.

Ерөнхий консул Ч.Куланда зорьж ирсэн Тоёока хотын албаны хүмүүст талархлаа илэрхийлж, Монгол Японы харилцаанд Тоёока хотын оруулж буй хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой юм. Улс хоорондын харилцаанд жирийн иргэдийн хүчин чармайлт онцгой байр эзэлдэг байх. Үүний жишээ Тоёока хотын та бүхний хүчин зүтгэл шүү дээ. Музей байгуулна гэдэг амаргүй ажил. Та бүхний олон жилийн хөдөлмөр улам их амжилтыг дагуулаасай гэж хүсэж байна. Монголын ховор нандин үзмэрүүдийг шинжилж судлах, Монголын Үндэсний музейг олон япон хүн үзэхэд нэмэр болж чадах ажлыг санаачлан дэмжих болно. Монголыг сонирхогч япон хүмүүс, мөн манай иргэд Монголын Үндэсний музейд очиход түлхэц болох мэдээллийг дуртайя хүргэнэ. Хамтарч олон ажлыг хийцгээе гэж харилцан дотно ярилцлаа.

Тоёока хотын Монголын Үндэсний музейг үзэж сонирхохыг Осака дахь Монголын ЕКГ-аас уриалж байна. Монголоороо бахархах, Монголыг бусдад таниулах хэрэгт монгол иргэн бүр хүчин зүтгэх хэрэгтэй.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 6-р сарын 05, Лхагва гариг, 10:27
 
Кансайн Эдийн засгийн холбооны тэргүүн Ш.Мори-д бараалхав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 5-р сарын 27, Даваа гариг, 07:12

Ерөнхий Консул Ч. Куланда Кансайн Эдийн засгийн холбооны тэргүүн Ш.Мори-д бараалхав. Ноён Ш.Моригийн зүгээс Осака дахь Монголын Ерөнхий консулоор томилогдон ирсэнд баяр хүргээд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байдгаа илэрхийллээ. Ерөнхий консул Ч.Куланда: Монгол улс болон Кансайн бүс нутгийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Кансайн Эдийн засгийн холбоо чухал үүрэг гүйцэтгэж буйд талархаж байна. Монгол бол газрын баялаг ихтэй орон. Япон бол техник технологи хөгжсөн орон. Энэ хоёр баялагийг нэгтгэж, хослуулвал улам их амжилт олох болно. Тиймээс Кансай бүс нутгийн эдийн засгийн холбоо Монголд анхаарлаа хандуулаасай гэсэн хүсэлт өвөртлөн ирж байна гэж онцолсон юм.


Мөн Ш.Мори-д Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулагдсанаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа гүнзгийрэн хөгжих, Монголд Японы хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх боломж нээгдэх тул энэхүү чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа талууд илэрхийллээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 27, Даваа гариг, 07:25
 
Азийн дууны фестивальд хүндэт зочноор оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн osaka   
2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 07:28

 

Ерөнхий консул Ч.Куланда Кансайн Азийн нийгэмлэгээс Япон Улс, АСЕАН-ны найрамдалт хамтын ажиллагааны 40 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-тэй хамтран “Дэлхийн хүүхдүүдийн амьдрал, ирээдүйг хөгжмөөр хамгаалья” уриан дор 5 дугаар сарын 19-нд зохион байгуулсан Азийн дууны фестивальд хүндэт зочноор оролцлоо. 12 дахь удаагаа зохиогдож буй уг арга хэмжээнд Ази тивийн 10 гаруй орны төлөөлөгчид оролцож, өөрсдийн хэлээр ая дуугаа өргөв. Монгол Улсыг төлөөлөн анх удаа М.Лхагвагэрэл ахлагчтай “Тэмүжин” Монголын үндэсний урлагийн холбоо оролцож, Монголын үндэсний урлагийг сурталчлав.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 07:33
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 13

Холбоос