Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Consulate General of Mongolia in Osaka
Кансай бүс нутагт оршин суугаа Монгол ахан дүүс ээ PDF Print E-mail
Written by osaka   
Tuesday, 16 September 2014 09:30
There are no translations available.

Эх орон, элгэн нутгаасаа алсад суугаа монголчуудыг монголоороо бахархах, монгол хэл соёлоо үл мартан дээдлэн тээх, монголын зан заншил, өв ёсыг уламжлан өвлүүлэхэд тус нэмэр болох, улмаар Япон оронд Монгол соёлыг дэлгэрүүлэн таниулах зорилго бүхий “НАМРЫН БАЯР” арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Хоёр дахь удаагийн “Намрын баяр-2014” нь 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний угсаатан зүй судлалын музейд /国立民族学博物館/ болно.


“НАМРЫН БАЯР-2014”-т Монгол түмний бахархал болсон морин хуурын аялгуу эгшиглэж, хөөмийн шуранхай хайлж, уртын дууны ая өргөнө. Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Үүлэн хээтэй салхи” /モンゴルの風/ бүрэн хэмжээний концерт тоглоно. Монгол Улсын нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж яваа, ардын урлагийн магнай болсон Домог, Хөсөгтөн болон поп-опера Увертюра хамтлаг, уртын дууч Ж.Энхбаатар, уран нугараач Ж.Нямгэрэл нар оролцсон Монголын шилдэг мастеруудын үзүүлбэр Таны мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээх болно. Эх нутгаа санагалзан суугаа, Монголын салхийг үгүйлэн яваа Таныг “НАМРЫН БАЯР-2014” баярын арга хэмжээнд ТАВТАЙ МОРИЛ хэмээн урьж байна.


“НАМРЫН БАЯР-2014” арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Япон хэлний нэвтрүүлгийн редакцийнхан сонсогчидтойгоо уулзалт хийхээр бэлтгэлээ базаагаад байна. Энэ жил Монголын радиод япон хэлний нэвтрүүлэг явуулсны 25 жил ой тохиож буй билээ. 25 жилийн түүхэнд ийнхүү анх удаагаа япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг монголын уран бүтээлчид Наран улсыг зорин ирж, сонсогчидтойгоо уулзах юм. Монголоос явуулах япон хэлний нэвтрүүлгийг дугаар алгасалгүй сонсож, он удаан жил захидал сэтгэгдлээ илгээсээр буй үнэнч фенүүдтэй хийх уулзалт “НАМРЫН БАЯР-2014”-ын сэтгэл хөдөлгөм бэлэг болох байх.

Монголтой харилцдаг, хамтын ажиллагаагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг таниулан мэдээллэнэ. Мөн зураач Р. Оюунгэрэлийн зургийн үзэсгэлэн, Монгол дээлний үзүүлбэр, монгол үндэсний тоглоом наадгай, Монголд үйлдвэрлэсэн бэлэг дурсгалын бичил худалдаа явагдана.


Байгаль дэлхий улаан өнгөөр будагдсан Наран улсын намрын улиралтай зэрэгцэн Монголын шаргал намартай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе, Монголчууд аа. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Минпакуд Монголын салхи айлчлан ирнэ. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Жич: “Үүлэн хээтэй салхи” концерт үзэхийг хүсвэл урьдчилан мэдэгдэх журам тогтоосныг анхаарна уу.

 

Last Updated on Tuesday, 16 September 2014 09:38
 
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛНА PDF Print E-mail
Written by osaka   
Tuesday, 16 September 2014 03:17
There are no translations available.

Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү чуулга уулзалтаар хилийн чанад дахь Монголчуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж, тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа юм.

Түүнчлэн, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг Британийн Монголчуудын санаачлагаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд тохиож буй 10 жилийн ойн чуулга уулзалтыг хилийн чанадад бус эх орондоо хуралдахаар төлөвлөж буйтай хамтатган, Гадаад харилцааны яам, “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Чуулга уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч оролцох юм.

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mfa.gov.mn, http://md-forum.eu/mon сайтаас авна уу.

 

Last Updated on Tuesday, 16 September 2014 03:30
 
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Кансай бүсэд айлчиллаа PDF Print E-mail
Written by osaka   
Tuesday, 03 June 2014 03:07
There are no translations available.

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Лазатхан тэргүүтэй төлөөлөгчид Осака мужийн Такацүки, Токушима мужийн Анан хотод таван өдрийн ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид нь Такацүки хотын дарга Х.Такеши, ИТХ-ын дэд дарга Х.Норико нартай уулзаж, Такацүки болон Баян-Өлгий аймаг хооронд ХАА, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хотын удирдлагуудыг Баян-Өлгий аймагт айлчлахыг албан ёсоор урив.


 

Такацүки хотын захиргаанаас манай төлөөлөгчдөд өөрийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, сонгуулийн тогтолцоо болон цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахад тавигдах стандарт, шаардлагын талаар семинар хийв. Мөн хотын захиргаанд ашиглаж буй нарны зайн системийн тухай товч танилцуулга хийлээ.

Такацүки хотын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад дээд зэргээр анхаардаг. Ялангуяа байгууллага, иргэдэд нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргах төхөөрөмжийг суурилуулах, үүнд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх замаар эрчим хүчний тодорхой хэсгийг өөрсдөө хангах бодлого баримталж байна. Одоогийн байдлаар нийт 19 байгууллагад нарны эрчим хүч ашиглан цахилгаан гаргах үүсгүүрийг суурилуулаад байгаа ажээ.


Япон Улс нь нийгмийн халамжийн бодлого, үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйлчилгээтэй танилцах үүднээс өндөр настны тусгай асрамжийн төв болох “Такацүки Кэяакино Сато”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцан туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг Токушима мужид хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан тус мужийн нийслэл болох Токушима хотын дарга Х.Хара тусгайлан хүлээн авч оройн зоог барихын дашрамд хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид Токушима мужийн Анан хотын дарга Ё.Ивасэтэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хооронд “Эгч дүүс хот”-ын харилцаа тогтоох боломжийн талаар санал солилцов. Үүний дараа хог хаягдал дахин боловсруулах “Экопарк Анан”, “LED” гэрлэн чимэглэлийн үйлдвэрлэл болон орчин үеийн технологиор дэлхийд тэргүүлдэг “Nichia” компани, Япондоо хамгийн том хүчин чадал бүхий “J-Power-Tachibanawan” дулааны цахилгаан станцад зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Анан хотын зүгээс байгалийн нөөц, баялагийг үр ашигтайгаар зарцуулах үүднээс хог хаягдлын хэмжээг бууруулах, хогийг дахин боловсруулах ажлыг сайжруулах бодлогыг баримталж ирсэн. Үүний хүрээнд 2010 оноос эхлэн 9,3 тэрбум иений хөрөнгөөр хог боловсруулах “Экопарк Анан”-ыг шинээр байгуулан ажиллаж байна.


Мөн тус хот нь Японы үндэсний спортын нэг төрөл болох Бейсболлын спортыг хөгжүүлсэн жишиг хотын нэг болохоор зорьж ирсэн. 2007 онд бейсболлын “JA Aguri Anan” стадионыг ашиглалтанд оруулсан бөгөөд “Бейсболлын хот Ананыг хөгжүүлэх тусгай нэгж”-ийг хотын захиргаандаа байгуулсан Японы цорын ганц хот юм.

 

Last Updated on Tuesday, 03 June 2014 03:20
 
Японы Монгол судлаачид Фүжи уулын дэргэд цугларав PDF Print E-mail
Written by osaka   
Tuesday, 27 May 2014 06:38
There are no translations available.

Японы Монгол судлалын нийгэмлэг нь Японы монголч эрдэмтдийг эгнээндээ нэгтгэдэг, тогтмол үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэгээс жилд хоёр удаа хавар ба намрын монгол судлалын хурлыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ удаагийн хаврын хурал нь Шизүока мужийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн алдарт Фүжи уулын бэлд орших Шизүока Их сургуульд болж өнгөрлөө. Шизүока Их сургуульд угсаатан зүй судлаач профессор Цогт олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллав.

Хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь холбооны нарийн бичгийн дарга Ш.Шиотани 2013 оны санхүүгийн тайланг тавьж танилцуулсан болно.


Энэ удаагийн хаврын хуралд Японы Монгол судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүд, эрдэмтэд багш, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлж буй 100 гаруй залуу судлаач оролцож, үндсэн таван сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


Японы Монгол судлалын нийгэмлэг нь гадаадын монгол судлаач эрдэмтдийг эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинарт оролцуулахыг дэмжин туслах, танилцуулах чиглэл зорилготой аж. Энэ удаагийн хаврын хуралд Тайваний нэрт яруу найрагч, монгол үндэстэн Ши Мөрөн урилгаар оролцон, “Гурван сүлдийн тахилга” сэдвээр илтгэл тавив. Үүний дараа тэрээр Монголын тал нутгийг бахдан дуулсан шүлгээ сонирхуулсан нь хуралд оролцогчдын сэтгэлийг хөглөсөн явдал боллоо.

 

Last Updated on Tuesday, 27 May 2014 06:43
 
Вакаяама мужид ажиллаа PDF Print E-mail
Written by osaka   
Thursday, 17 April 2014 03:56
There are no translations available.

Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий консул Ч.Куланда Вакаяама мужийн захирагч Ё.Нисака болон Вакаяама хотын дарга К.Оохаши нартай танилцах уулзалт хийлээ. Ч.Куланда Осака хотноо Ерөнхий Консулаар томилогдсноос хойш энэ бүс нутагт анх удаа ажиллаа. Уулзалтын үеэр 2012 онд Осака хотод Монгол Улсын ЕКГ-ыг шинээр байгуулагдсан, ЕКГ-ыг байгуулах болсон шалтгаан, үйл ажиллагааны үндсэн зорилгын талаар онцлов. Баруун Японы тус бүс нутагтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед Вакаяама муж болон тус мужийн хотуудтай ХАА, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.


Мужийн захирагч болон хотын дарга Ерөнхий консулын саналыг нааштайгаар хүлээн авч, цаашид муж, хот болоод хувийн хэвшил хоорондын түвшинд худалдаа, эдийн засгийн харилцааг бий болгох, нэн ялангуяа тус мужийн аялал, жуулчлалын салбар дахь арвин туршлагаас хуваалцахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн хүүхэд залуусын солилцоог өргөжүүлэхийг хотын даргын зүгээс санал болголоо.

Дашрамд дурдахад Вакаяама муж нь Японы бусад түүх, дурсгалт газруудын адил Шинто болоод Буддын шашны сүм хийд олонтой юм. Үүний дотроос алдарт хувилгаан Кукай-гийн 9 дүгээр зуунд Кояа ариун ууланд байгуулсан 117 сүм хийд болон Куманогийн гол 3 сүм тус мужид байрладаг ажээ.

 

Last Updated on Thursday, 17 April 2014 04:02
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 6 of 20

Links